Saturday, October 17, 2009

Зүүд

Саяхан тэмдэглэлүүдээ онгичиж байтал хэнд ч харагдахгүй болгож хав дарж орхисон нэг тэмдэглэл байх юм. Гайхаад уншаад үзтэл агуулга нь хуучраагүй бөгөөд хав дарж хэлмэгдүүлэх шаардлагагүй тэмдэглэл байсан тул хөөрхийг ил гаргахаар шийдлээ. Далимаар нь бараг мартаж орхисон блогтоо салхи оруулаад авая.

Өнгөрсөнөө дурсахуй
Энэ долоо хоногт бас л ажил гэр ажил гэдэг маршрутаасаа хазайсангүй. Ямар нэг сонин учрал, адал явдал тохиолдохгүй өдөр хоногууд урссаар. Тархинд шинэ сонин содон цочрол өгөх мэдээлэлүүд ирэхгүй болоод тэрүү автоматаар хуучинаа эргүүлж тойруулж төнхөчөөд байгаа бололтой. Зүүдэндээ өнгөрсөн үеээ он оноор нь ангилж салгаж ялгаад яг л "Click" кинон дээр гардаг шиг. Болж буй үйл явдал ямар детальны харуулж байх юм дээ, хүний тархи гэж агуу шүү.
Ихэнх нь жаахан хүнд ярихаас нүүр улаймаар түүх, таагүй дурсамжууд болохоор энд бичихээс түр азная. Ямар нэгэн сэтгэлд хоногссон дурсам болж байлаа гэе л дээ. Тэгтэл огт болж байгаагүй үйл явдал болж буй мэтээр үргэлжлэх эсвэл би яг одооны оюун санаа, ухаан бодолоороо зүүдээ удирдаж байгаа мэдрэмж төрөх юм. Тэр нь ямар тааламжтай гээч. Би яг л 10 жилийн өмнө эргээд ирчихсэн юм шиг. Энд сэтгэлийн мухарт тухайн цаг агшинд би ингэсэн ч болоосой гэсэн хүсэл, харуусал бат хадгалагдаж үлдээд үе үе зүүдэнд сэд татан гарч ирж байдаг бололтой. Удалгүй сэрүүлэг дуугарч би ч сэрлээ. Сэрчихээд Арван найман нас минь чи намайг бүү орхиоч гэж дуулах биш хашгирамаар санагдаж байж билээ. Туулж өнгөрүүлсэн энэ он жилүүд, намайг хүрээлэн байгаа энэ хүмүүний ертөнц ямар галзуурам сонирхолтой өнгөрөө вэ. Түүн дотороос би ямар багийг авч, ямар жааханыг амсаж байж вэ. Би юунд өөрийгөө барьж, юу намайг тушиж байв аа. Эцэс төгсгөлгүй олон асуулт толгойд эргэлдээстэй. Эсвэл амьдрал дуусашгүй дундрашгүй хүсэл тэмүүлэлээр буцалж байдаг болоод тэр үү. Өнөөдөрт хүрэх гэж өчигдөр би мөрөөдөж байлаа. Өнөөдөр би харин өчигдөр хийж амжуулаагүй зүйл, хэлж амжаагүй үгэндээ харуусаж байна.
Юу болоод залуу байж дурсамж энээ тэрээ болчихов оо гэж үү? 60 насалчихаад дахиж энэ зүүдийг зүүдэлж сэрэхгүй юмсан. Амьдарсандаа сэтгэл хангалуунаар л бөх нойрсохсон. Тэр болтол унтахгүй ээ.

2007 он 7 сарын 13. Токио

No comments: