Saturday, October 17, 2009

Зүүд

Саяхан тэмдэглэлүүдээ онгичиж байтал хэнд ч харагдахгүй болгож хав дарж орхисон нэг тэмдэглэл байх юм. Гайхаад уншаад үзтэл агуулга нь хуучраагүй бөгөөд хав дарж хэлмэгдүүлэх шаардлагагүй тэмдэглэл байсан тул хөөрхийг ил гаргахаар шийдлээ. Далимаар нь бараг мартаж орхисон блогтоо салхи оруулаад авая.

Өнгөрсөнөө дурсахуй
Энэ долоо хоногт бас л ажил гэр ажил гэдэг маршрутаасаа хазайсангүй. Ямар нэг сонин учрал, адал явдал тохиолдохгүй өдөр хоногууд урссаар. Тархинд шинэ сонин содон цочрол өгөх мэдээлэлүүд ирэхгүй болоод тэрүү автоматаар хуучинаа эргүүлж тойруулж төнхөчөөд байгаа бололтой. Зүүдэндээ өнгөрсөн үеээ он оноор нь ангилж салгаж ялгаад яг л "Click" кинон дээр гардаг шиг. Болж буй үйл явдал ямар детальны харуулж байх юм дээ, хүний тархи гэж агуу шүү.
Ихэнх нь жаахан хүнд ярихаас нүүр улаймаар түүх, таагүй дурсамжууд болохоор энд бичихээс түр азная. Ямар нэгэн сэтгэлд хоногссон дурсам болж байлаа гэе л дээ. Тэгтэл огт болж байгаагүй үйл явдал болж буй мэтээр үргэлжлэх эсвэл би яг одооны оюун санаа, ухаан бодолоороо зүүдээ удирдаж байгаа мэдрэмж төрөх юм. Тэр нь ямар тааламжтай гээч. Би яг л 10 жилийн өмнө эргээд ирчихсэн юм шиг. Энд сэтгэлийн мухарт тухайн цаг агшинд би ингэсэн ч болоосой гэсэн хүсэл, харуусал бат хадгалагдаж үлдээд үе үе зүүдэнд сэд татан гарч ирж байдаг бололтой. Удалгүй сэрүүлэг дуугарч би ч сэрлээ. Сэрчихээд Арван найман нас минь чи намайг бүү орхиоч гэж дуулах биш хашгирамаар санагдаж байж билээ. Туулж өнгөрүүлсэн энэ он жилүүд, намайг хүрээлэн байгаа энэ хүмүүний ертөнц ямар галзуурам сонирхолтой өнгөрөө вэ. Түүн дотороос би ямар багийг авч, ямар жааханыг амсаж байж вэ. Би юунд өөрийгөө барьж, юу намайг тушиж байв аа. Эцэс төгсгөлгүй олон асуулт толгойд эргэлдээстэй. Эсвэл амьдрал дуусашгүй дундрашгүй хүсэл тэмүүлэлээр буцалж байдаг болоод тэр үү. Өнөөдөрт хүрэх гэж өчигдөр би мөрөөдөж байлаа. Өнөөдөр би харин өчигдөр хийж амжуулаагүй зүйл, хэлж амжаагүй үгэндээ харуусаж байна.
Юу болоод залуу байж дурсамж энээ тэрээ болчихов оо гэж үү? 60 насалчихаад дахиж энэ зүүдийг зүүдэлж сэрэхгүй юмсан. Амьдарсандаа сэтгэл хангалуунаар л бөх нойрсохсон. Тэр болтол унтахгүй ээ.

2007 он 7 сарын 13. Токио

Sunday, May 24, 2009

Монгол улс ардчилсан төртэй болжээ

2009 оны 5 сарын 25.
Монгол улсын төрийн тэргүүнээ сонгох сонгуулиа өгсөний дараах өдөр. Намуудын ялалт байгуулж байгаа урьдчилсан мэдэгдэлүүд уралдан цацагдана. Мэдэгдэлүүд аажим аажимаар бие биенээ үгүйсгэн, хэн ялж буй нь үл мэдэгдэх тодорхойгүй нөхцөл байдал үүсэж эхлэв. Нийгэм битүүхэн айдастай, үл итгэсэн, чимээгүйхэн СЕХ-г хүлээнэ. 7/1-ны өмнөх суурь хөрс ийм л байсан, энэ удаа ч ижил хөрс бүрэлдэж ирэв. Хэн нэгэн энд чүдэнз зурахад л дүрэлзсэн гал болж хувирна.

Тэгтэл МАХН-ын дарга С.Баяр, Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийцгээж Элбэгдоржид баяр хүргэлээ. Тиймээ тэд ялагдлаа хүлээлээ. МАХН ялч ч чаддаг, ялагдаж ч чаддаг гэдэгээ харууллаа. Монголд ардчилсан төр байдаг юм гэдэгийг өөрсдийн биер үзүүлж чадлаа.

Ардчилал гэдэг бол АН биш, Элбэгдорж ч биш сонгуулиа хийж төрийн эрхийг цус асгаруулалгүй шилжүүлэх юм гэдэгийг ард түмэндээ харуулав.

Элбэгдорж та монголын ард түмнээс их итгэл, өндөр хариуцлага үүрч төрийн тэргүүнээр сонгогдлоо. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Танд ч ардчилалын жишгээр халаагаа өгөх өдөр ирэх буй заа. Тэр өдөр өнөөдөрийг эргэн санаасай, бүү мартаасай гэж хүсье.

Монгол улсын төр өөдөө байх болтугай.

Sunday, January 18, 2009

Эхний бичлэг

Эрхэм хүндэт зочин танаа энэ өдрийн амгаланг айлтгаж блогоор минь саатаж буйд талархал илэрхийлье.

Би гэж нэгэн бээр блогтой болно гэж бодон бодон явсаар завтай хүний завгүй их үлгэрээр энэ өдрийг хүргэж эцсийн мөчид "Шууд эхлэх" гаргуун тактикаа ашигласанаар хэд гурван үсэг цохиж сууна. Дуншин дуншин блогтой болж орхиод эхний бичлэгээ бичих гэж баахан удав. Хуучны орос машин асаахын тулд хэд хэд хүчтэй мануалддагтай адил эхний хэдэн бичлэгээ хүчлэн бичихээр шийдлээ. Нэг асаад авбар пад пад гээд яваад байх байлгүй. Аль болох унтраахгүйхэн шиг бензин тосыг нь сольсон шиг зүтгүүлээд байдаг хэрэг ээ хө.
Блог дээрээ өөрийн мэргэжил болох АЙ-ТИ голцуу, удаагаар нь элдэв долоон эргэцүүлэл, адагт нь явсан газрын сонин хачин бичих бодолтой. За тэгээд зам дунд элдэв янзын явуул бодолууд орж гарахыг алийг тэр гэхэв. Хэхэ. Санал нийлэх нийлэхгүй алин боловч саатан морилсон хуудастаа сэтгэгдэл үлдээгээрэй. (Хатуухан шүүмж ч хааяа хэрэгтэй байдаг шүү)